Олон нийтэд орчны бохирдлын талаар таниулах зорилготой #HAZEGAZER дата хакатоныг Европын холбоо, UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-ийн дэмжлэгтэйгээр People in Need, Zorig Foundation болон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Залуу сэтгүүлч, судлаач, оюутнуудын хамтарсан таван баг нийгэмдээ өөрчлөлт авчрах бичил төслийг хагас сарын хугацаанд хэрэгжүүлэхэд баг тус бүрд 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд шилдэг нэг төслийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулсан юм. Шилдэг төслийн багаар Дотоод орчны агаарын бохирдлын талаар төсөл хэрэгжүүлж, мэдээлэл бэлтгэсэн С.Уянга ахлагчтай 4-р баг шалгарлаа.

Уг төслийн хүрээнд агаар, ус, хөрс болон дотоод орчны бохирдлын талаарх ерөнхий ойлголтоос эхлээд өнөөгийн нөхцөл байдал хэр аюултай нөхцөлд байгаа зэргийг дата судалгаанд үндэслэн олон нийтэд сонирхолтой хэлбэрээр хүргэж байна. Тухайлбал, “Пипл ин Нийд” байгууллагын Монгол дахь салбарын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын гэр хороолол, урсгал ус бүхий газруудаас дээж авч, шинжлүүлэн, бодит байдлыг гаргахад хувь нэмрээ оруулсан оюутнууд энэ хакатонд оролцож байгаа юм. Түүнчлэн тэдний бэлдсэн дата санд судалгаа хийж, нийгэмд нөлөөлөхүйц контент бүтээн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулсан бүтээлч багийнхан ийнхүү тайлангаа тавьж, шилдгээ шалгаруулаад байна.

HAZEGAZER хакатоныг зохион байгуулснаар Улаанбаатар хотын хөрс, ус, агаар хэрхэн бохирдсоныг бодит мэдээлэлд тулгуурлан сонирхолтой байдлаар хүргэж, цаашид хэрхэн хамгаалж болох, түүнд иргэдийн хувь нэмэр ямар байх зэрэг гарц, шийдлийг санал болгосноороо өндөр ач холбогдолтой юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн