“HAZE GAZER” БУЮУ “АГААР АЖИГЛАГЧ” ТӨСЛИЙН ТУХАЙ

2020 оны 10-аас 12-р сарын хооронд хэрэгжсэн эхний үе шатын үр дүнд үндэслэн Hazegazer төслийн 2-р үе шатыг ‎ хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шатанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн сан, Пипл ин Нийд (ПИН) нь иргэдээс мэдээлэл цуглуулж тодорхой цэгүүд дэх агаарын чанар, түүнээс үүсч байгаа хүндрэл бэрхшээлүүдийг зураглах зорилгоор www.hazegazer.mn платформыг бүтээж ажиллагаанд оруулсан. Hazegazer 2 төслийн хүрээнд одоо байгаа платформыг боловсронгуй болгож, Улаанбаатар хотын ус, хөрсний орчны бохирдлын зураглалыг нэмж оруулах болно.

ПИН ОУТББ нь энэхүү төслийн 2-р үе шатыг ‎ ШУТИС, ХААИС, МУИС-тай хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн дэмжлэгтэйгээр ‎2022 оны 11-р сар хүртэл хэрэгжүүлнэ. ПИН нь хамтрагч байгууллагуудын хамтаар Улаанбаатар хот даяар ус, хөрсний дээж авч, байгаль орчны аюулын талаар иргэдэд мэдээлэл өгөхийг зорьж байна.

Агаарын бохирдлыг бууруулах нь Монгол Улс төдийгүй Ази тивийн олон улс орнуудын өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг юм. Агаарын бохирдол бидний өдөр тутмын амьдралд дан ганц эрүүл мэнд төдийгүй нийгэм, эдийн засаг, санхүүгийн байдал зэрэгт олон талын сөрөг нөлөөллийг үзүүлж байна. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран санаачилж, “Хүний Эрхийн Олон Улсын Өдөр”-ийг тохиолдуулан танилцуулж буй “АГААР АЖИГЛАГЧ буюу “Агаарын бохирдлыг ажиглах олон нийтийн хяналт” цахим платформ нь иргэдийн оролцоотойгоор агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хянах, мөн түүнчлэн агаарын чанарыг сайжруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг тандан судлах зорилготой юм. Уг платформыг ПИН ОУТББ хөгжүүлж байгаа бөгөөд голлох мэдээ, мэдээллээ иргэдээс цуглуулж, нэгтгэн түгээх олон нийтийн нээлттэй төсөл юм. Тиймээс энэхүү платформ нь зөвхөн иргэдийн идэвхтэй оролцооны тусламжтай цаашид хөгжих бөгөөд хамтдаа суралцан, илүү сайн сайхан ирээдүйг бий болгох шийдлийг эрэлхийлэх нээлттэй талбар болно.

ЦЭВЭР АГААРЫН ТӨЛӨӨХ ҮЙЛС НЬ ХАМТЫН ХАРИУЦЛАГА ЮМ!

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн тухай

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг таслан зогсоох зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. Дэлгэрэнгүйг mn.undp.org эсвэл @UNDP хаягаар авна уу.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн тухай

НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.unicef.mn хаягаас авна уу.

Пипл ин Нийд байгууллагын тухай

Пипл ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллага нь 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад яаралтай тусламж үзүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүний амь насыг аврах, нэр төрийг хамгаалах, иргэдийг чадавхжуулах, тогтвортой амьдралыг дэмжих зорилгоор 2011 онд албан ёсоор Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн газраа байгуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.peopleinneed.net болон Фэйсбүүк хаяг: @PINinMongolia -аас авна уу. Хэрэв танд төсөлтэй холбоотой асуулт байвал info.mongolia@peopleinneed.net хаягаар холбогдоно уу.